Биеийн хэлэмж харилцаанд нөлөөлөх нь

Right Mind Solutions
3 min readNov 2, 2020

--

Өнөө цагт хүн бүрийн чухалчлан ярих болсон “body language” буюу биеийн хэлэмж нь аман бус харилцааны хэлбэрт ордог. Судлаачдын үзсэнээр уг хэлбэр нь бидний бүхий л харилцааны 60–65 хувийг бүрдүүлдэг байна. Бидний нүүрний хувирал, биеийн хэлэмж, хувцаслалт, дуу хоолойн өнгө зэрэг нь олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан, бизнес уулзалтад оролцоход ямар чухал үүрэгтэйг дээрх үзүүлэлтээс мэдэж болох юм. Тиймээс биеийн хэлэмжийг ойлгох нь биеэ зөв авч явахад туслахаас гадна бусдыг ойлгох гол хэрэгсэл гэдгийг ойлгох шаардлагатай.

Дан ганц бусдын гаргаж буй үйлдлийг ажиглан тухайн үедээ ямар сэтгэл хөдлөл, хандлагатай байгааг тодорхойлох нь явцуу байх талтай. Энэхүү тогтсон ойлголтыг засахын тулд энэхүү зөвлөмжийг танд хүргэж байна.

Нүүрний хувирал

Зөвхөн нүүрний хувирлаар хүмүүс хоорондоо маш олон мэдээлэл солилцдог. Жишээлбэл, нүүрэндээ инээмсэглэл тодруулах нь сайшаал, аз жаргалтай байгааг илтгэнэ. Эсрэгээрээ хөмсгөө зангидах нь тухгүй, таагүй байгаагийн илэрхийлэл болдог. Судлаачид нүүрний хувирал нь тухайн нөхцөл байдлын талаарх бүхий л зүйлийг дамжуулдаг гэжээ. Энэ нь бусдад өөрийгөө харцаараа ч ойлгуулах боломжтойг баталсан юм. Нүүрний хувирлаар илэрхийлэгдэх сэтгэл хөдлөлийн цөөхөн хэдийг дурдвал:

- Аз жаргал

- Уйтгар гуниг

- Уур бухимдал

- Гайхах

- Жигших, зэвүүцэх

- Айх

- Эргэлзэх

- Догдлох

- Үл тоох г.м

Нэгэн судалгаагаар тухайн хүний итгэл даахуйц болохыг илтгэх шинж нь хөмсгөө үл ялиг дээш өргөх, инээмсэглэх байдал гэж тодорхойлжээ. Тэдний хэлснээр энэ нь найрсаг, өөртөө итгэлтэй хүнийг илэрхийлдэг аж. Түүнчлэн инээмсэглэсэн, баяр хөөртэй царайтай хүмүүс илүү ухаалаг харагддаг болохыг ч баталсан судалгаа бий. Ингээд бодохоор сэтгэл хөдлөлөө барьж чаддаг гэх ихэнх хүмүүс үнэндээ буруу боддог бололтой.

Дэлхийн улс орон бүр өөр, өөрсдийн хэлээр ярилцдаг ч биеийн хэлэмжийн илэрхийллээрээ адил төстэй байдаг. Энэ талаар нарийн судалсан судлаач гэвэл Паул Экмонийг зүй ёсоор оруулна. Тэрээр сэтгэл хөдлөл нь тухайн хүнийг бусдад ойлгуулах хүчин зүйл гэж үздэг. Үүнтэй холбоотой олон ажиглалт, туршилтууд явуулж, үр дүнгээ нийтэд танилцуулсан юм.

Нүд:

Нүд бол сэтгэлийн толь гэдэг үг зүгээр ч нэг үг биш бололтой. Харилцаж буй хүнийхээ яриаг анхааралтай сонсож буйг илтгэх зүйл нь нүдний хөдөлгөөн байдаг. Харцаа буруулах, анивчих зэрэг хөдөлгөөнүүд ярьж буй сэдвээсээ залхсан, аль эсвэл сонирхож буйг илтгэдэг байна.

Нүдний харц:

Ярилцаж буй хүнийхээ нүд рүү харах нь тухайн харилцагчаа, сэдвээ сонирхож, анхаарч буйг илтгэнэ. Гэхдээ удаан хугацаанд ширтэх нь заналхийлсэн утгыг илэрхийлдэг гэдгийг анхаараарай. Мөн өөр, өөр зүг рүү харцаа шилжүүлэх нь орчиндоо тав тухгүй байгаагийн илрэл юм.

Анивчих:

Энэ нь байгалиас заяасан төрөлхийн үйлдэл боловч зарим талаараа сэтгэлийн зовиур, тухгүй байдлын илэрхийлэл болдог. Нүдээ анивчих нь хэт цөөн байвал өөрийгөө зориуд хянах гэж оролдож байна гэсэн үг. Түүнчлэн хэт их анивчих нь бие, сэтгэцийн хувьд ядарсанг илтгэнэ.

Уруул:

Биеийн хэлэмжийг уншихад амны болон уруулын хөдөлгөөн чухал үүрэгтэй. Үүний нэг жишээ гэвэл, доод уруулаа хазах нь санаа зовох, айх, түгших, өөртөө итгэлгүй гэх мэдрэмжийг илэрхийлдэг байна. Амаа даран эвшээх, ханиалгах зэрэг нь бусдыг хүндэлж байгаа мэт боловч үл зөвшөөрч байгаа хэрэг ч байж болно.

Инээмсэглэл: нь биеийн хэлэмжийн хамгийн эерэг илэрхийлэмж байж болох ч дотроо олон янзын шинжийг агуулдаг.

Эдгээр үйлдлүүдийг ажиглаад нэг үзээрэй.

- Хөмхийгөө зуух гэж ярьдаг даа. Энэ нь үл итгэх, үл зөвшөөрч буйн илрэл юм.

- Санаа зовох зүйл ихтэй, уур бухимдалтай хүмүүсийг уруулаа хазсан гэх үйлдлээр мэдэж болно.

- Амаа дарах нь сэтгэл хөдлөлөө нуухыг хүсч байгаагийн илрэл.

- Амаа мурилзуулах нь мэдэрч байгаа мэдрэмжээ үгүйсгэж байна гэсэн үг.

Дохио зангаа:

Хамгийн илэрхий биеийн хэлэмж гэхэд болно. Гараараа дохих, заах, зангах, хуруугаараа тоо ширхгийг заах нь хүн бүрд ойлгоход хялбар үйлдэл болж байдаг. Зарим улс орнуудын хувьд ялгаатай байдаг ч түгээмэл хэд хэдэн дохио зангааг хүмүүс ашигладаг. Үүнд: Мэндлэхдээ даллах, зүгээр гэдгээ эрхий хуруугаа гозойлгох, хүндэлж буйгаа илэрхийлэн бөхийх зэрэг багтана.

Энэ мэтчилэн хүмүүс хоорондоо ойлголцохын тулд аман ярианаас гадна биеийн хэлэмжээр олон санааг илтгэж болохыг багахан жишээгээр мэдэж авлаа. Үйлдэл бидний хүсээгүй үгийн илэрхийлэл учраас харилцагчаа ятгах, итгэн үнэмшүүлэх, нөлөөлөхийн тулд биеийн хэлэмжийг уншиж, ойлгохдоо ихээхэн анхаарах ёстой юм шүү. Ингэснээр бусдын үнэн, худал мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгон, оновчтой хариу үйлдэл үзүүлэх, бусдад өөрийгөө илэрхийлэхэд хэлж барамгүй их нөлөөтэй юм.

--

--

Right Mind Solutions
Right Mind Solutions

Written by Right Mind Solutions

We are promoting scientific approach for Mental Health Awareness at workplace.

No responses yet